Эдийн засгийн глобалчлалын хөгжлийг дагаад манай орны дэлхийн бусад улс орнуудтай явуулах эдийн засгийн харилцаа өдрөөс өдөрт гүнзгийрч байна. Үүний дотор хөрш орон Хятад улстай харилцах харилцаа нэн тэргүүнд тавигдаж байна. Хятад, Монгол хүмүүсийн түүх, нийгмийн тогтолцоо, сэтгэлгээний хэв маяг, үнэт зүйл, зан заншил, амьдралын хэв маяг, үзэл баримтлалын талаарх ойлголт, түүнийг илэрхийлэх байдал нь харилцан адилгүй юм. Энэхүү нийтлэлээр Хятад оронд анх цай үүсэж, үүний дараагаар дэлхийн бусад улс орон руу тархсан түүх, мөн бусад хэлнээ цайг илэрхийлэх дуудлага хятад хэлний авиалбар дуудлагын үндсэн дээр үүсэж бий болсныг мэдэж авах болно. Иймээс тодорхой харилцааны явцад соёлын системд тулгуурласнаар түүний цар хүрээг тэлж, тухайн харилцааг улам бүр гүнзгий шатанд аваачих болно.
Үндэстнүүд өөр хоорондоо харилцсанаар өөр өөр соёл иргэншилт улс орны ард түмэн бие биеэ ойлгож улмаар элэгсэг дотноор харилцах, мэдлэгээ бусад орны соёлын үнэт зүйлээр баяжуулан тэлэх, туршлагаас нь суралцах боломж нээлттэй болдог. Соёл хоорондын харилцааны явцад ямарваа нэгэн саад бэрхшээлгүй өөр хоорондоо харилцаж, тухайн харилцааг илүү үр дүнтэй болгохын тулд олон талт уусалцлыг хэрэгжүүлж, гүнзгий харилцааг бий болгоно. Хятад, Монгол хоёр орны цайны соёлыг харьцуулан судалж, өөрийн гэсэн өвөрмөц хэрэглээний үнэ цэнэтэй болохыг олж мэдэх ба хоёр орны цайны соёл дахь хэл, нийгэм хүмүүнлэгийн ялгаатай байдлыг олж илрүүлэн соёл хоорондын харилцааны далд утга агуулгыг мэдэх боломжтой юм.
