Аливаа орны эдийн засгийн хөгжлийг хангах онцлог нь тухайн орны давуу талд суурилсан салбарыг хөгжүүлж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгох явдал юм. Уул уурхайн салбараас өндөр хамааралтай Монгол Улсын хувьд олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, улмаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах нь эдийн засгийн дархлааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Аялал жуулчлалын салбар нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, түүхэн соёл, уламжлал, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, гадаад харилцааг сайжруулах зэргээр эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд өндөр хувь нэмэр оруулдаг онцгой салбар юм.
Мэдээллийн үнэ цэнэд суурилсан өнөөгийн ертөнцөд салбарын статистик мэдээлэл нь тухайн салбарын хөгжлийн түүх, өнөөгийн байдал, хэтийн төлөвийг тодорхойлох гол тулгуур баримт болдог. Аялал жуулчлалын статистик нь юуны түрүүнд тухайн салбарын хөгжлийн түүхэн тоон мэдээллийн лавлах болдог. Тухайлбал, жуулчдын өсөлт, бууралтад нөлөөлдөг гол хүчин зүйлсийг тодорхойлох, голлох зах зээлийн тухай мэдээлэл авах, бүс нутгийн жуулчны урсгалын ачаалал, тусгай хамгаалалттай газар нутаг болон жуулчдын зорин очих газрын даацыг тогтоох, аялал жуулчлалаас үүдэн гарах сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг олон асуудлыг тодруулах боломжтой. Аялал жуулчлалын салбарын үнэн зөв, оновчтой статистик мэдээлэлд тулгуурлан тухайн салбарын өнгөрсөн болон өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн үйл ажиллагаа, зах зээлийн төлөв байдал, чиг хандлагад дүн шинжилгээ хийх, зах зээл дэх үйл ажиллагааны стратеги, тактикийг боловсруулах боломж бүрддэг.
Аялал жуулчлалын статистик мэдээллийн чанарыг сайжруулахад салбарын яам, статистикийн байгууллага, Хил хамгаалах ерөнхий газар болон бодлого боловсруулагчид анхаарал хандуулах шаардлагатай байна. Үүний тулд олон улсын статистик мэдээлэл бүрдүүлэлтийн сайн туршлагыг судалж, улс орны хэмжээнд ашиглах боломжтой тогтолцоог бий болгох, аялал жуулчлалын бодит тоон мэдээлэлд тулгуурласан баталгаатай, найдвартай судалгаа, шинжилгээний эх сурвалжийг нэмэгдүүлэх нь зүйтэй.